Wednesday, January 29, 2014

Мөнх Хайрхан ууланд аялсан тэмдэглэл (4-р хэсэг)



 
Сутай хайрхан, манай үндсэн бааз
...Сутай хайрханыг нутгийнхан тайван дөлгөөхөн Сүүтэй хайрхан гэж хүндэлдэг бөгөөд тэр ч ёсоор Сүүтэй хайрхан маань биднийг тотуун сайхан хүлээн авлаа. Орой нь бөмбөгөр бөгөөд налуу багатай боловч оройноосоо доошлохоороо мөсөн гол урсаж орсон эгц эгц гуунуудтай, нуранги хад ихтэй уул байлаа. Диди болон түүний найз охин Урнаа, найз Зуунаа нартай болзсон газраа уулзаад хайрханы зүүн сугад отголож өглөө эрт 5 цагт авирахаар төлөвлөв. Хулгар шар маань энэ хавиар харин элбэг юм билээ. Замд энд тэндгүй л бандаганаал давхилдаад байсан. Орой нь нутгийн уулчин нэгийг болгож авчирч биднийг дайлав. Өглөө цагтаа босч цай цүй, бэлтгэл гэсээр 5.30д алхаж эхлэв. Зуунаа үлдэж Диди Урнаа 2 авирав.
Урнаа, Гонгор
 Ямар ч бэлтгэл хийгээгүй тул манай 2 ард хоцроод нилээн ядарч яваа харагдана. Гонгор л зааж зөвлөж, дэмнэж явав. Завханы хэд ч магнайд л яваа харагдана. Бидний хувьд ууланд авирахаас илүү гулгаж буух нь л хамаг хүслийг оргилуулж дээш мацах хүч өгч байлаа. Мөнх хайрханд гулгаж чадаагүй болохоор энд гулгахгүй бол аялалын маань хамгийн гол зорилго нурах гээд байлаа. Хайрхандаа залбирсаар л явлаа. Мөнх хайрхан том том үхэр чулуутай байсан бол энд жижиг нуранги хад чулуу нь урагш 2, хойш 1 алхуулах нь тээртэй. 
 
Диди(Дэлгэрбат), Урнаа

3 цаг гаруй алхсаар оргил дээрээ гарлаа. Цаг агаар бол үнэхээр сайхан байлаа. Анх удаагаа л үүлтэй зэрэгцэх өндөр ууланд гарч орчин тойрон, алсын барааг харах ямар байсан гээч. Анир чимээгүй, цэвэр тунгалаг агаар бас үүлс миний дэргэд... Харсаар байтал цас мөсөн дунд зогсож байхад халуун нар яг говьд байгаа мэт шарах нь гайхмаар. Жангар маань үүнийг бидэнд өмнө нь анхааруулсан байсан тул бид аль хэдийн нарнаас хамгаалах тосыг нүүрэндээ зузаан гэгч нь нялсан байлаа. 


Зураг хөргөө татуулан 30аад минут болтол миний дотор эвгүйрхэн толгой өвдөж эхлэв. За энэ оргил дээр сур харвах болвол яанаа гаж бодон хөлс чийхарав. Сэмээрхэн Жангарт хэлвэл наадах чинь өндрийн өвчин эхэлж байна гэв. Бусад хүмүүсээс асуувал ихэнх нь адилхан шинж тэмдэг хэлэв хаха. Ингээд оргил дээр сур харвахаасаа өмнө бууцгаах болж яаран хөдлөв. 

Оргил дээр

Оргилоос жаахан доошлоод Гонгор, Диди, Жангар бид 4 гулгалтаа хийв. Бусад маань бид хэдийг атаархангуй харцаараа үдэн, зураг бичлэг хийсээр үлдэв. Цас нь хайлаад хөлдчихсөн нил мөстэй эгц замаар дэржигнүүлсээр бууцгаав. Авирч ядарсан хөл маань ч дороо цуцаж байлаа. Жангар нэг тэнцвэр алдахад өрөөсөн цана нь салаад, усны савтай нь хамт уулын уруу алга болж өгөв. Маш огцом учир унагасан юм бэл хүртэл зогсоно гэсэн ойлголт байхгүй, бид ч унавал тийм л хувь тавилантай. 


Боордтой 3 явсаар мөсний захад хүрлээ, харин Жангар өрөөсөн цанагүй болсон тул мөснөөс холдож нуранги асган дундуур удаанаар бууж байв. Түүнийг хүлээнгээ боордоо бэхлэж байтал дээрээс өнхөрсөн алгын чинээ чулуу миний суган доогуур сум шиг нисэн өнгөрөв. Нуранги хад ийм л аюултай аж. 


Ингээд бид 4080м өндөр Сутай хайрхан уулаас амжилттай гулгаж буусан анхны хүмүүс болсон юм. Энэ аялалаас хойш би уул ус гэдэг амьтай юм, бас өөр өөрийн зан араншинтай юм гэдэгт бат итгэсэн билээ. Бас ууланд үнэн сэтгэлээсээ дурласан хүнийг уулс дууддаг гэж ярьдаг юм билээ. Энэ жил би дахин найзуудын хамт Увс аймгийн Түргэн уулын ноён оргил Цагаан Дэглийд амжилттай авирч багаараа сноубордоор гулгаж буусан юм. Эндэх ажил төрлөө зохицуулахад урамтай бүтэж байсан нь уулс минь дуудсаных биз ээ. Бидний хувьд энэ аялал хамгийн анхны, хамгийн дурсамжтай, бас одоог хүртэл хамгийн адал явдалтай аялалын нэгдүгээрт зүй ёсоор бичигддэг билээ. 

Ер нь  хүн ажил амьдралын хажуугаар өөртөө заавал цаг зарцуулдаг байх хэрэгтэй, ялангуяа АЯЛАЛ, СПОРТ хоёрт! Бүх экстрим спортууд байгальтай нягт холбоотой тул тухайн хүн байгаль дэлхийгээ үнэн сэтгэлээсээ хайрлах төлөвшил суудаг. Одоогийн энэ технологижиж буй ертөнцөд гадна дотны хөгжил, өндөр технологи сонирхол татахаа хэдийн байж жинхэнэ зэрлэг онгон байгаль л хүний сэтгэлийг сэргээж, таашаал өгөх болж. Харин энэ сайхан орны иргэд болж төрсөн бид хамгийн азтай хүмүүс! Тэгэхээр бүгдээрээ энэ их азтай хувь зохиолоо мэдрэхийн тулд, эх орноороо бахархаж, уул усаа шүтэхийн учир,  байгалтайгаа илүү ойртон нөхөрлөхийн учир та бүхнийг ЭХ ОРНООРОО АЯЛААРАЙ хэмээн уриалж байна!
Г.Мөнхсайхан

Tuesday, January 28, 2014

Мөнх Хайрхан ууланд аялсан тэмдэглэл (3-р хэсэг)



...Төөрөв үү эсвэл хаа нэгтээ хаднаас унаад бэртэв үү, арай тэр замд байсан ангал уруу...гэж бодохоор л хүйтэн хөлс чийхаран юун нөгөө ядарсан энэ тэр. Төгсөө... Цээгий... гэж хоолой мэдэн орилон харайлгаж байлаа. Харанхуй болохоос өмнө л олохгүй бол ирвэс, чоно гэх мэт зэрлэг амьтад ихтэй тагийн бүс тул маш аюултай байлаа. Бараг л  хад болгоныг нэгжсээр нэг мэдэхэд эргээд цасныхаа дэргэд ирчихэв. Бид 2 т үнэхээр аймшигтай байлаа. 2ийн 2 эмэгтэй хүнийг эзгүй ууланд амьд үхсэн нь мэдэхгүй алдчихсан. 2 хүний халуун амь...Төгсөөд би хичнээн рекламдаж байгаад дагуулж явлаа даа... Жангар 2ула дэмий л яанаа, яанаа л гэж тарчилсаар. Орилсоор хоолой ч сөөх шинжтэй. Тэгтэл Өсөхөө ах сураг сонсоод араас ирж гурвуул хайлаа. Яаж байгаа юм бэ!!! Нэг баг ХЭЗЭЭ Ч салж болдоггүй юм шүү дээ!!!” гэх Өсөхөө ахын үг дотор урж байлаа. Хад болгоны завсарыг нэгжиж явлаа. 


Нэг том хадны ёроолд огт үзээгүй хачин гоё том шар цэцэг харагдав. Шууд л нөгөө ховор Вансэмбэрүү гэж мэдсэн ч огтхон ч очиж сонирхох хүсэл төрсөнгүй...Цээгииий...Төгсөөө... Бусад уулчид ганц авираад ядраад буусан хайрханд Жангар бид хоёр нэг өдөрт 2 удаа авираад хад асгыг нь нэгд нэгэнгүй нэгжиж орхив. Хүн гэдэг сэтгэлээрээ ямар их хүчтэй болдогийг өөрийн биеэр амслаа даа. Дотроо байж болох бүх л аймшгийн хувилбаруудыг төсөөлөн найруулж гол дүрд нь тэр хоёрыг тоглуулан явлаа. Дуугарах чадалгүй хэвтэж байхад нь хажууханаар нь өнгөрчиж байгаа юм шиг санагдаал хад бүрийг шалгана. Бүрий боллоо...Жангар бид хоёр ч сэтгэлээр унаж амьд үхдэл л болсон доо хэхэ. Гэтэл уулын хойд бэлд байх нуурын эргээс гэрэл ёлтолзов. Бид  2 ч тэр хоёроос гарцаагүй гэж бодон шууд чиглэн буулаа. Дахиад хэдэн цаг алхах зайны хол байлаа. Удалгүй бүр харанхуй болов, гэрэл анивалзсаар... Дайралтын өмнө өглөө гараал үд дээр буугаад ирэх юм чинь гээд хутга, толгойны гэрэл 2оо хэрэггүй зүйлсийн тоонд оруулан орхисондоо харамсаад ч барахгүй байлаа. Жангарын гэрэлний зай ч дуусах дөхөн ёолтойно. Түүний гутал нь холгоод өвдөж байснаа сүүлдээ мэдрэхээ ч байв. Миний гутал харин надад яг гоё таарсан болохоор шилбэн дээр жоохон холгосоноос өөрөөр гайгүй байлаа. Гэхдээ л жирийн үедсэн бол янгуучлахаар л байсан л даа. 
 
20 метрээс цааш юу ч харагдахгүй шуурч байлаа.
Нэг том хадны хажуугаар гартал сүр сар хийн нэг зэгэл өнгөтэй амьтан жирэлзэн алга болов. Ээ бурхан минь, ёстой юу байсан юм бүү мэд зүрх амаараа гарах шахсан. Гэтэл буухын алдад нөгөө гэрэл маань холдон холдсоор алга болчихов. Ингээд найдлага тасарч сүнс сүүдэр болсон 2 бачка бааз уруугаа буцлаа. Тэр хэдэн цагийн дотор бид хоёр харамсахын дээдээр харамсч түмэн амлалт бие биедээ өгсөн. Лав л хоёулаа экстрим спортыг насан тушдаа орхино гэж амлаж байсан юмдаг хэхэ.  Уулын зүүн талд бааз байхад бид хоёр хэдийн уулынхаа хойд талд гарчихсан болохоор буцахад дахиад 3 цаг элбэг алхахаар байлаа. Тас харанхуйн дунд гэнэт  ойрхон чоно улив. За ёстой хамаг биеийн шар үс боссон байхаа хаха, дотор чичрээд л явчихсан. Тэр үеийг бодоход одоо ч надад тэр дуу сонсогддог. Зоригтой чанга дуунаас айдаг юм гэнэ лээ гээд хоёулаа ээлжлэн чанга хашгирч явав. Урд өдөр нь үндсэн баазаас дээш отголсон тул ойрхоноор нь майхан уруугаа зүглэв. Замд Эрдэнэтийн 2 уулчинтай таартал тэдний 10аад хүн бас төөрчихсөн хайж явна гэнэ. Бид 2т халуун савнаасаа бүлээн хар цай хийж  өгөхөд ёстой нэг хар цайны амтыг мэдэрсэндээ. Энэ нь цааш дахиад хэдэн км явах хүч өгөх шиг л болов. Ямар ч байсан сайн халуун савтай болно доо. Явсаар майхандаа иртэл халуун чацаргана чаначихсан Гонгор өөрөө байдаггүй. Шал нойтон гутал хувцасаа тайлаад халуун чацаргана уухад амь орох шиг л болов. Хэдий өглөөнөөс хойш юу ч идээгүй боловч 2 бүсгүйгээ бодохоор л идэх юм хоолой давахгүй байлаа. Ингээд бодсон чинь бид 2 бараг 16 цаг нэг сникерснээс өөр юм идэлгүй хадны хонхорт тогтсон хүйтэн усаар гол зогоож явсан байна шүү. Ашгүй тэгтэл Гонгор дээрээс чулуу нураан тачигнуулсаар ирлээ. Уулын гутлынх нь ул салаад уначихсан тэгсэн мөртөө цоглог амьтан орж ирэв. Үхсэн царайтай 2 юмыг харснаа маасайтал инээн цаад 2 чинь ирсээн гэдгийм даа. Бид 2 ч буудуулах ялнаас хэлтэрсэн  хүн шиг итгэж ядан гайхан харав. Хаана байна гэтэл үндсэн бааз дээр байгаа байх гэв.               
-Байх гэдэг чинь юу гэж байгаан???                                              
 -Бааз уруу буцаж байгаа хүмүүст манай хоёрыг ирвэл гэрлээр дохиорой гэж захисан юмаа. Тэгсэн түрүүн баахан дохисон гэв.                                                                                                     Бүрхэг  ч гэсэн бидэнд дахин жоохон итгэлийн оч гийв. Гэсэн ч санаа зовсоор л... Гонгор харин итгэлтэй байлаа.
Өглөө нь шалба норсон хувцаснуудаас аль нь ч хатаагүй байлаа. Хотоос гарахад өмнө аяласан туршлагатай Боогий (Баттулга) маань солих хувцаснуудаа давхар гялгар ууданд хийгээрэй нэвт ночихдог юм гэж захиж байсан нь санагдан өөрийгөө хараав. Гэвч ашгүй Гонгор маань тэр захиасыг мартаагүй байж... хув хуурай ноосон оймс гаргаж ирсэн нь бээрсэн талыг гэсгээх өглөөний наран мэт намайг гэрэлтүүлвэй. Ингээд хуурай оймсоо өмсөөд нойтон гутландаа шалхийтэл хөлөө дүрэв ккк. Гурвуулаа ямар ч байсан үндсэн бааз уруу явъя гэж шийдээд дээшээ дахин авирч орхисон үүргэвч сэлтээ аван буцлаа. Тэгтэл өөдөөс завханы уулчин Манлай тосон ирж манай 2 эсэн мэнд ирсэн баяртай мэдээг дуулгав. Ээ бурхан минь ингээд нэг хар дарсан зүүд шиг сүүлийн 24 цаг төгсгөл боллоо. 


Тэгсэн манай хоёр төөрсөнөө мэдэнгүүтээ ямар ч байсан уулнаас бууя гээд бууж өдөржин хүн хайж алхсаар оройн хэрд хүнтэй таарч гэр лүү нь явах замд Эрдэнэтийн 10аад уулчин бас төөрчихсөн явахтай таарч  айлаас Аавын цээжхөлслөн ачаан дээр нь сэсчүүлсээр явж иржээ. Тэд яасан гэхээр  төөрөөд уулынхаа ар тал уруу буучихсан байж. Мөнххайрхан нь Ховд, Баян-Өлгий аймгуудын заагт оршдог бөгөөд уулын ар хэсгээс Баян-Өлгий аймгийн нутаг эхэлдэг аж. Цээгий, Төгсөө хоёулаа хэн хэн нь ийм алс буйд газар аялаж үзээгүй, төөрч бүр ч үзээгүй нөхөд өглөөхөн Ховд аймагт байсан чинь одоо баян-Өлгийд байна гэж нутгийн хүнийг хэлэхэд нүд нь орой дээрээ гарч сандарчээ. Тэгтэл ч Эрдэнэтийн төөрсөн уулчидтай таарч хамтдаа аавын цээж хөлслөн ачаан дээр нь тойруу замаар 70км явж иржээ. Нойтон хувцастай машины тэвшин дээр ямар байсан ойлгомжтойшд хөөрхийс. Ингээд ашгүй нэг салж унаталаа ядарсан 3 залууг ирэхэд 2 бүсгүй маань бас л гэмшиж санаа нь зовсон угтлаа. Энэ бүхний эцэст бүгд эсэн мэнд уулзалдахад хичнээн сайхан байсныг би үгээр илэрхийлж бас л чадахгүй нь хэхэ. 
Манай баг бүрэн бүрэлдэхүүнээрээ: зүүн гараас Мөнхсайхан, Жангар, Цэрэнцоо, МУГТ Өсөхбаяр, Энхтөгс, Гонгор

Маргааш нь бүх уулчид холбооны тэргүүний тушаалаар цуглан хаалтын ажиллагааг эхлүүлэв. Ингээд Монголын Сноубордын холбооныхон гэж нэрээ дуудуулан оргилд гарсан батламж, медаль авахад бахархмаар сайхан басхүү өчүүхэн амжилтандаа эрдэх сэтгэл төрөх шиг. Буцахдаа зам салах даваан дээр бүгд цуглан тойрч зогсоод өөрсдийн сэтгэгдэл, халуун дотно үгсийг ярилцан сархад тогтоож аяны алтан шар зам өлзийтэй байхын ерөөл тавьцгаан салав. Тэгтэл  Диди дахин залгаж машиндаа шинэ мотор тавьчихсан ирж явна гэв. Күйээ мөн...сайхан гар шүү. Түүнтэй Сутайд уулзахаар болзоод тус тусын адал явдлаа ярьсаар бөөн инээдэм болсон хүмүүс Сутай хайрханы зүг урам зоригтой давхилаа. Завханы Манлайгаар ахлуулсан хэсэг уулчид бидэнтэй хамт авирахаар зам нийлэв. Бас  Говь-Алтайн уулчин, Сутай хайрханы бэлээр нутагладаг малчин залуу замчлахын хажуугаар гэртээ дөхөхөөр манай машинд бүл нэмлээ. Нуруулаг, шөрмөстэй, хөрслөг бор царайтай залуу машинд орж ирүүтээ таг дуугай өврөөсөө шил юм гаргаж ирэн фургоны заалны гэрлийн хуванцар бүрхүүлийг сурамгай эргэдэж аваад нэг үлээснээ шууд өнөөхөө аягалаад надад барив. Бид хэд ч бие бие рүүгээ харан нүдээрээ инээлдэж байлаа. Хээгүй гүдэсхэн монгол зан гэж сайхаан, хээрийн хүн хээгүй тогтоож л орхисон хэхэ...
Алтайн уулчид & Гонгор

Мөнх Хайрхан ууланд аялсан тэмдэглэл (2-р хэсэг)



...Мөнххайрхан уул д.т.дээш 4204 метрийн өндөрөөрөө Алтай Таван Богдын Хүйтэн оргилын дараа орох монголын 2 дахь өндөр уул юм. Энэ жилийн Альпинад-д Увс, Ховд, Завхан, Эрдэнэт, УБ, Говь-Алтайн 80-аад уулчид цуглажээ. Газар газрын уулчид удаан уулзаагүй ах дүүс мэт тэврэлдэн уулзалдацгаах нь их найрсаг дотно хүмүүс байлаа. Тэр өдрөө мөнх цаст уулын голын шуугианд сайхан амарч хонолоо. 2 дахь өдөр нь хоцорсон зарим нэг баг ирж техникийн зөвлөлгөөн хийн 3 дахь өдрийн үүрээр авиралтаа хийхээр болов. 
Мөнх Хайрхан уул

Бараг Богд уулаасаа өндөр уул хараагүй надад тэртээд харагдах Сүхбаатар оргил тийм ч хол биш санагдаад болохгүй л байлаа. Том хайрханууд ойрхон харагддаг ч явалт ихтэйг нь би яаж мэдэхэв. Тэсгэл алдан Жангараас “ойрхон харагдаад байх юм, энэ ер нь хэдэн цагийн ажил болох вэ? гэж асуувал тэрийг төлөвлөж болохгүй ээ, уул гэдэг өөрийн ааш авиртай, юу ч болж мэднэ гэв. Үүнээс хэдхэн цагийн дараа энэ ямар үнэн үг болохыг би яс махандаа шингэтэл ойлгосон билээ. Өсөхөө ах өндөр чадвартай тамирчин тул хэсэг уулчдын хамт өөр хэцүү замаар авирахаар болж бид хэд Жангараар ахлуулан бусад уулчдын хамт явах боллоо. Жаахан ч гэсэн газар хороосон нь дээр гэсэн Өсөхөө ахын зөвлөлгөөгөөр манай баг дээшээ 500гаад метрийн зайтай довцог дээр очиж хоноглов. Хэрэгтэй зүйлсээ авч, хэрэггүйгээ орхиж гал тогоо, хоол хүнс, майханаа хувааж аваад дээр нь сноубордоо үүрээд алхах ч үнэхээр чанга байсан шүү. Гэвч энэ бэсрэг алхалт нь маргаашийн гол авиралттай зүйрлүүлэх юм биш нь тодорхой.Тэр шөнө хачин сайхан сартай саруулхан, намуухан шөнө байж билээ. Удаан хугацаанд бодсон, мөрөөдсөн зүйл минь биелээд, одоо ингээд  4 хүний майханд 5 андтайгаа чихэлдээд хэвтэж байх үнэхээр сайхан байлаа. Бүгд л дотроо битүүхэн маргаашийн өдрийг айдастайхан хүлээгээстэй...Нойр ч хулжиж 5уулаа баахан юм ярьж, хөгжилдсөөр оройхон унтав.
Дайралтын өмнө
Дайралтын өдөр ирлээ...5 цагт босон идээ будаагаа хайрхандаа өргөөд, зөвхөн хэрэг болох зүйлсээ аваад бусдыг нь майхандаа үлдээн 6цагт дайралтаа  эхлүүллээ. Том том үхэр чулуутай, зүүн талаараа цавчим гүн ангалтай хэцүүхэн замаар аажим аажмаар дээшилсээр. Ядаж байхад сноуборд урт  хавтгай хэлбэртэй тул салхинд цохигдон тэнцвэр алдуулах нь тээртэй. Үүрээр цаг агаар тотуун сайхан байсанаа төд удалгүй дошгин хайрхан зангаа хувирган хуйсагнаж эхэллээ. Салхитай хүйтэн бороо нүүрэнд түг түмэн зүү зоох мэт хорсгож байлаа. Тэгсэн ч эрэлхэг уулчид алгуурхан ахисаар... аажмаар хүйтэн бороо маань цасан шуурга болж хувирав. Анх удаа жилийн 4 улиралыг 3хан цагийн дотор үзсэн бид хэд гайхаж хоцров. Түргэн хатдаг нимгэн цамцтай эхэлсэн дайралт дээшлэх тусам цаг агаар сэрүүсч удалгүй бүгд өвлийн хувцсандаа орсон байлаа. Бороо, цасанд бид голдоо ортол норжээ. Бээлийтэй гараа атгахад ус зүгээр л гоожиж,хоёр минут зогсоод амрахад л нойтон хувцас  хайрч хөлдөөх шахаж байв. 
 
зүүн гар талаас Цээгий, Гонгор, Төгсөө, Батжаргал, Жангар,...,Би

Жангар биднийг удаан амрах хэрэггүй хэмээн биднийг байн байн шавдуулж байсан нь зөв байлаа. Үгүй бол бид 4 ёолж ёохлоод , байн байн амраад газар хороогүй шинжтэй хэхэ.  Бидний яарах бас нэг шалтгаан нь яг авираад эхлэхээрээ уулчид хоорондоо битүүхэн уралддаг юм билээ.10 метрийн цаадах харагдахгүй цасан шуургатайд том том үхэр чулуу, хад асган дундуур хүнд ачаатай авирах ч үнэхээр хүнд байсан шүү. Дошгин хайрханууд цэлмэг сайхан байснаа хүн авираад эхлэнгүүт аашаа хувиргадаг нь үнэн юмаа. Ингээд ашгүй хад асга дуусч уулынхаа цасан бүрхүүлд тулж ирлээ. Ийм хүнд нөхцөлд оргил уруу зүтгэх үү, буцах уу гэдгийг шийдэх хэрэгтэй боллоо. Багийн ахлагч нар шуурхай зөвлөлдөөд нэгэнт энэ хүрч чадсан юм чинь зүтгэе гэж шийдэв. Сноуборд, цанаар гулгах ч бүр лөөлөө болсон тул бид хэд тэднийгээ үлдээж ачаагаа хөнгөлөв. Зарим багууд замаасаа буцсан тул нийт 20иод хүн бүгд цуваа болон олсоор холбогдон алхав. Манай Жангар, завханы уулчин Манлай 2 замаа шалган газарчлах маш хариуцлагатай хүнд үүргийг хүлээлээ. Нимгэн цасаар бүрхэгдсэн гүнзгий ангал, нүхийг туршлагатай уулчид л таниж мэдэхээс мань мэт бол олж харах ч үгүй л дээ. Тийшээ унахад юу болохыг бодохоор бие зарс хийж байлаа.  Оргил уруу ойртож буй тул шуурга улам ширүүсч алхах улам хэцүүдсээр... Замдаа таягнуудаа зоож орхин буцах замаа тэмдэглэнэ.

Ховдын багтай хамт авирна гэж ирсэн Мөнх хайрхан сумын 2 залуу ёстой чанга гарууд байлаа хаха. Уулчид хажууд нь бараг л шүдээ хүртэл багаж хэрэгсэлтэй байхад тэр 2 тэмээний ноосон малгай, хямдхан цасны гуталтай л таваргаж байснаа цасны захад ирээд ёстой аргагүйдэв. Мэдээж л дээ зарим нэг баар савнаас өөр газраар аялаж үзээгүй гарууд  “тэр ууланд чинь нутгийн малчид нь малаа хариулаад өдөртөө хэд гардагийн” гэж мэдэмхийрцгээдэг. Тэр 2 ч бас тийм төсөөлөлтэй ирсэн байхыг үгүйсгэхгүй. Хэрэв тийм бол уулын спорт гэж байх утгагүй болно шүү дээ. Нутгийнхан нь 1хос муураа (кошка) өгч тэр 2 нэг нэгээр нь өрөөсөн хөлөндөө нөгөө муу хужаа гутлынхаа хоншоорийг шамбийлган чихэж өмсөв. Цаашаа зам нил мөстсөн цас тул догонцоод л явах боллоо доо. Шуурга ч нүдсээр, бид ч аажимхан өгссөөрл...Гонгор бид хоёр 2 бүсгүйгээ сугадан алхаж байлаа. Гэтэл Оргилдоо ирчлээ гэх үг цөлд хатаж үхэх гэж байгаа хүнд Май, ус уу гэж байгаа юм шиг л эгшиглэнтэй сонсогдов. Тэрхэн үед анх удаа оргил дээр гарсаных, бас зовж зүдэрсний үр шимээ хүртсэнд сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч хосгүй баярын нулимс бид 4ийн нүдийг бүрхвэй.Тэр үед төрсөн сэтгэгдэл, сэтгэл хөөрлийг би лав үгээр илэрхийлж чадахгүй нь. Лав л Гонгорын зүүсэн цасны шилэн дотор нь “ус” юм уу нэг юм цалгиж байсан юмдаг кака.


 Голдоо ортол норсон тул удаан байх аргагүй, бушуухан хэдэн зураг даруулаад буцлаа.2 бүсгүй маань маш их даарчээ. Цасны захад орхисон зүйлсээ буцааж баглах нь бас л цаг авах бөгөөд бүсгүйчүүд биднийг хүлээвэл улам даарна гээд бусад хүмүүсийг дагаад явж бай гэчихэв.
Төд удалгүй бид 3 хөдөллөө. Доошлоод шуурга намдсан ч маш өтгөн манан буучихав. Гонгор бид 2 үнэхээр ядарсан тул хүмүүсээс хол тасарчилгүй л явлаа. Хөл өөрийн мэдрэлгүй л сөхөрчих гээд байв. Жангар 2 бүсгүйгээ гүйцнэ гээд алга болж өгөв. Гэтэл Жангар царай нь барайчихсан нөгөө 2 алга, хамгийн эхний хүнийг гүйцээд ирлээ. байдаггүй гэсээр буцаад ирэв. Замдаа орилж хайсаар уулынхаа бэлд дөхөж ирээд ирсэн байх гэсэн найдлага тасрав. 1 цаг болж байлаа. Ингээд Жангар бид 2 ачаагаа орхиод буцав...