Wednesday, January 29, 2014

Мөнх Хайрхан ууланд аялсан тэмдэглэл (4-р хэсэг)



 
Сутай хайрхан, манай үндсэн бааз
...Сутай хайрханыг нутгийнхан тайван дөлгөөхөн Сүүтэй хайрхан гэж хүндэлдэг бөгөөд тэр ч ёсоор Сүүтэй хайрхан маань биднийг тотуун сайхан хүлээн авлаа. Орой нь бөмбөгөр бөгөөд налуу багатай боловч оройноосоо доошлохоороо мөсөн гол урсаж орсон эгц эгц гуунуудтай, нуранги хад ихтэй уул байлаа. Диди болон түүний найз охин Урнаа, найз Зуунаа нартай болзсон газраа уулзаад хайрханы зүүн сугад отголож өглөө эрт 5 цагт авирахаар төлөвлөв. Хулгар шар маань энэ хавиар харин элбэг юм билээ. Замд энд тэндгүй л бандаганаал давхилдаад байсан. Орой нь нутгийн уулчин нэгийг болгож авчирч биднийг дайлав. Өглөө цагтаа босч цай цүй, бэлтгэл гэсээр 5.30д алхаж эхлэв. Зуунаа үлдэж Диди Урнаа 2 авирав.
Урнаа, Гонгор
 Ямар ч бэлтгэл хийгээгүй тул манай 2 ард хоцроод нилээн ядарч яваа харагдана. Гонгор л зааж зөвлөж, дэмнэж явав. Завханы хэд ч магнайд л яваа харагдана. Бидний хувьд ууланд авирахаас илүү гулгаж буух нь л хамаг хүслийг оргилуулж дээш мацах хүч өгч байлаа. Мөнх хайрханд гулгаж чадаагүй болохоор энд гулгахгүй бол аялалын маань хамгийн гол зорилго нурах гээд байлаа. Хайрхандаа залбирсаар л явлаа. Мөнх хайрхан том том үхэр чулуутай байсан бол энд жижиг нуранги хад чулуу нь урагш 2, хойш 1 алхуулах нь тээртэй. 
 
Диди(Дэлгэрбат), Урнаа

3 цаг гаруй алхсаар оргил дээрээ гарлаа. Цаг агаар бол үнэхээр сайхан байлаа. Анх удаагаа л үүлтэй зэрэгцэх өндөр ууланд гарч орчин тойрон, алсын барааг харах ямар байсан гээч. Анир чимээгүй, цэвэр тунгалаг агаар бас үүлс миний дэргэд... Харсаар байтал цас мөсөн дунд зогсож байхад халуун нар яг говьд байгаа мэт шарах нь гайхмаар. Жангар маань үүнийг бидэнд өмнө нь анхааруулсан байсан тул бид аль хэдийн нарнаас хамгаалах тосыг нүүрэндээ зузаан гэгч нь нялсан байлаа. 


Зураг хөргөө татуулан 30аад минут болтол миний дотор эвгүйрхэн толгой өвдөж эхлэв. За энэ оргил дээр сур харвах болвол яанаа гаж бодон хөлс чийхарав. Сэмээрхэн Жангарт хэлвэл наадах чинь өндрийн өвчин эхэлж байна гэв. Бусад хүмүүсээс асуувал ихэнх нь адилхан шинж тэмдэг хэлэв хаха. Ингээд оргил дээр сур харвахаасаа өмнө бууцгаах болж яаран хөдлөв. 

Оргил дээр

Оргилоос жаахан доошлоод Гонгор, Диди, Жангар бид 4 гулгалтаа хийв. Бусад маань бид хэдийг атаархангуй харцаараа үдэн, зураг бичлэг хийсээр үлдэв. Цас нь хайлаад хөлдчихсөн нил мөстэй эгц замаар дэржигнүүлсээр бууцгаав. Авирч ядарсан хөл маань ч дороо цуцаж байлаа. Жангар нэг тэнцвэр алдахад өрөөсөн цана нь салаад, усны савтай нь хамт уулын уруу алга болж өгөв. Маш огцом учир унагасан юм бэл хүртэл зогсоно гэсэн ойлголт байхгүй, бид ч унавал тийм л хувь тавилантай. 


Боордтой 3 явсаар мөсний захад хүрлээ, харин Жангар өрөөсөн цанагүй болсон тул мөснөөс холдож нуранги асган дундуур удаанаар бууж байв. Түүнийг хүлээнгээ боордоо бэхлэж байтал дээрээс өнхөрсөн алгын чинээ чулуу миний суган доогуур сум шиг нисэн өнгөрөв. Нуранги хад ийм л аюултай аж. 


Ингээд бид 4080м өндөр Сутай хайрхан уулаас амжилттай гулгаж буусан анхны хүмүүс болсон юм. Энэ аялалаас хойш би уул ус гэдэг амьтай юм, бас өөр өөрийн зан араншинтай юм гэдэгт бат итгэсэн билээ. Бас ууланд үнэн сэтгэлээсээ дурласан хүнийг уулс дууддаг гэж ярьдаг юм билээ. Энэ жил би дахин найзуудын хамт Увс аймгийн Түргэн уулын ноён оргил Цагаан Дэглийд амжилттай авирч багаараа сноубордоор гулгаж буусан юм. Эндэх ажил төрлөө зохицуулахад урамтай бүтэж байсан нь уулс минь дуудсаных биз ээ. Бидний хувьд энэ аялал хамгийн анхны, хамгийн дурсамжтай, бас одоог хүртэл хамгийн адал явдалтай аялалын нэгдүгээрт зүй ёсоор бичигддэг билээ. 

Ер нь  хүн ажил амьдралын хажуугаар өөртөө заавал цаг зарцуулдаг байх хэрэгтэй, ялангуяа АЯЛАЛ, СПОРТ хоёрт! Бүх экстрим спортууд байгальтай нягт холбоотой тул тухайн хүн байгаль дэлхийгээ үнэн сэтгэлээсээ хайрлах төлөвшил суудаг. Одоогийн энэ технологижиж буй ертөнцөд гадна дотны хөгжил, өндөр технологи сонирхол татахаа хэдийн байж жинхэнэ зэрлэг онгон байгаль л хүний сэтгэлийг сэргээж, таашаал өгөх болж. Харин энэ сайхан орны иргэд болж төрсөн бид хамгийн азтай хүмүүс! Тэгэхээр бүгдээрээ энэ их азтай хувь зохиолоо мэдрэхийн тулд, эх орноороо бахархаж, уул усаа шүтэхийн учир,  байгалтайгаа илүү ойртон нөхөрлөхийн учир та бүхнийг ЭХ ОРНООРОО АЯЛААРАЙ хэмээн уриалж байна!
Г.Мөнхсайхан

No comments:

Post a Comment