Sunday, January 26, 2014

Мөнх Хайрхан ууланд аялсан тэмдэглэл (1-р хэсэг)



Мөнх Хайрхан ууланд аялсан тэмдэглэл
Би сноубордоор гулгах, ууланд авирах, хаданд авирах зэрэг экстрим спортуудаар хичээллэдэг. Мөн яг над шиг сонирхол нэгтэй, атгасан гар шиг хэдэн сайхан найзуудтай. 2009онд цана, сноубордоор гулгадаг 4 найз маань мөнх цаст Сайр хайрхан оргилд амжилттай гарч монголд АНХ УДАА сноубордоор гулгаж буусан нь миний одоо өгүүлэх аялалд зориглон явахад минь том хөшүүрэг болсон юм. Ингээд найзын минь ах МУГТ уулчин Г.Өсөхбаяртай холбогдон 2012.08.02нд болох Ховдын Мөнх Хайрхан (д.т.д 4204м) болон Говь-Алтайн Сутай хайрхан (д.т.д 4080м)уулуудад авирах аялалд явахаар шулуудсан билээ. Энэ нь монголын уулчдын жил бүрийн цугларалт болох Альпинадажээ.  Мөнх цаст ууланд авирна гэдэг Цэцээ гүн рүү гарахтай адил биш хойно уулын, аялалын  хэрэгсэл сэлтийг жил гаруйн хугацаанд чамгүй мөнгө зарцуулан бэлдэв. Явахаас 3 сарын өмнөөс гүйж, дугуй унаж, бялдаржуулах клубт явж биеийн хүчний бэлтгэл хийв. Энэ хооронд нэг л зүйлд сэтгэл дундуур бас санаа зовж байлаа. Учир нь хамт явна гэж байсан найзууд бүгд элдэв шалтгаанаар явахаа байчихав. Өсөхөө ах, түүний дүү Жангар хоёрыг л хальт танихаас өөр нэг ч зүс үзээгүй уулчидтай тийм аюултай аялалд явна гэхээс халширч л байлаа. Гэсэн ч сонирхол, тавьсан зорилгодоо хүрэх хүсэл минь түүнээс илүү тул явалгүй яах вэ. Гэтэл явахаас хоёр 7 хоногийн өмнө дараалан 2 сайхан мэдээ ирсэн нь миний тэрхүү шаналалыг салхи мэт хийсгэвэй. Энэ бол миний сайн найз Гонгор, Энхтөгс (уул нь огт явахгүй хүмүүсийн жагсаалтанд байсан юм) 2 гэнэт явахаар болсон мэдээ юм.  Ингээд үлдсэн хоногуудад тэр хоёр бэлтгэлээ яаруухан базаалаа. Би тэр 2ийг бодоход Готов гуай, Жангар хоёроос нилээн туршлага судалчихсан, ядаж л уулын гутлаа хараад таних болохоор хамт аялалын дэлгүүрүүдээр явж шоппингдов. Жинхэнэ уулын гутал олдоц муутай, байсан ч өндөр үнэтэй тул энэ удаад Готов гуайн зөвлөсөнөөр Нарантуул зах дээрээс хуучныг авав. Бараг шинэ юм шиг гутал 30000-50000 төгрөгний хооронд л байдаг юм билээ.
                                                                 (Бэлдсэн зүйлс)
За тэгээд 2012.07.29ний өдөр адал явдлаар дүүрэн аялалдаа МУГТ уулчин Өсөхбаяр, түүний дүү спортын мастер Жангар, Цэрэнцоо, Гонгор, Энхтөгс, миний бие гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй Делика машин хөлөглөн гарч өгөв өө. Гэтэл бидний сайн найз Диди (Дэлгэрбат) хамт аялахаар удахгүй араас гарах гэж байгаагаа дуулгаж баярлуулав. 
Алтай хот

(шаргын говь)
Замдаа машин маань эвдрээд, гэтэл жолооч ах хүү маань бэлтгэл муутай байгаад бид нилээн ядарч байж алдарт Шаргын говийг туулан Говь-Алтай аймгийн Тонхил сум хүрлээ. Хотоос холдоогүй байхад л Цээгий Шаргын говийн тоос, халуун хоёрыг яаж туулнаа гээд айлгаад байсан чинь аз болоход бороотойд туулсан шүү. Замд 4 бөхөн машинтай зэргэцэн хурдалж бидний мэлмийг баясгав. Алтайн уулс үнэхээр сонин содон өнгө будаг, тогтоцтой аж. Уулын нэг энгэр нь л гэхэд улаан, ногоон, цагаан 3 өнгөөр солонгороод ч байх шиг.
                                       
Шаргын говь
         Тонхил сум Сутай хайрханаас холгүй орших бөгөөд би анх удаа мөнх цаст хайрханыг бодитоор нь ойроос  харж ихэд сэтгэл хөдөлсөн билээ. Тонхилын Уулчдын клубынхан бидэнд дотуур байранд өрөө гаргаж өгч ганц өдөр ч болов майхан энэ тэр гэлгүй аяншиж ядарсан бидэнд буян болов. Унтахад арай эрт болохоор Гонгор, Жангар гурвуулаа гарч жоохон хэсч нутгийн индиануудтай сагс тоглож баахан манаргав. Нөгөө ядраад байсан энэ тэр нь тоглоом гэсэн чинь байхгүй шүү ккк. Эндээс машин маань цааш явах аргагүй болж нутгийн
Сутайн боруулчдын клубийн залуусын ачаар тун яриа хөөрөөтэй нэг ахын фургоныг хөлслөн цааш Сутайн борклубын уулчдын хамт явлаа. Алтайн уулсын хэцүү бэрх замд орос ах нарын фургон, УАЗ-469 бол үнэхээр шалгарсан тэргүүд юм билээ. Ховдын Цэцэг, Мөст сумуудыг дайран Мөнххайрхан суманд ирлээ.Анх энэ суманд ирэхэд надад яг л хятадын нэг тосгон шиг санагдсан. Дандаа жижигхэн шавар байшингууд, хаа сайгүй хятад мотоцикл. Модгүй газар болохоор ингэхээс ч аргагүй юм билээ. Гэхдээ л сүрлэг өндөр уулсын дунд, мөнх цаст уулсын цэвэр тунгалаг ус мэлтэлзсэн голын хөвөөн дэх амар тайван сайхан нутаг байна лээ. 
                                         (Мөнххайрхан сум, Ховд аймаг)                                               
Тэгээд эндээс ууланд очоод идэх хүнсээ нөөцлөж аваад цааш хөдлөв. Нээрээ би нарийн боов их иддэг хүн л дээ, тэгээд эндээс гурилан боов авахад хамгийн залуу нь л үйлдвэрлээд  1сар болсон Өгөөжийн еэвэн байсан шүү хэхэ. Гэнэт Диди ярьж машиных нь мотор цохиод хот уруу шинэ мотор захиад Баянхонгорт хүлээж байгаагаа дуулгав. Тэр амжихгүй нь тодорхой болов. Ингээд өндөр уулсын эгц, бартаатай замаар өдөржин сэгсчүүлсээр мөнх цаст Мөнх Хайрхан уул минь дүнхиййн угтлаа. Гонгор, Цээгий, Төгсөө бид 4 бүгд анх удаагаа ийм сүрлэг хайрхан харж байгаа тул миний л адил сэтгэл нь үнэхээр хөдөлж байгаа харагдсан. 

No comments:

Post a Comment