Sunday, February 2, 2014

Түргэний ууланд авирсан тэмдэглэл (1-р хэсэг)


2013 оны Альпинад хаана болох бол хэмээн чих тавин байтал бодож байснаас нилээн эрт 5 сарын дундуур Увсын Хархираа ууланд болох сураг дуулдав. Хугацаа нь тохиромжгүй тул хэн хэн маань явах боломжгүй байлаа. Гэтэл ашгүй 6 сарын дундуур Увсын Түргэн уулын оргил Цагаан Дэглийд “Mongolia Expedition”-ий Алдархишиг ахтай хамтран зохион байгуулж авиралт хийх болсон тухай МУГТ Өсөхбаяр ах дуулгав.Увс болон Ачит нуурын хооронд  улсын хилээс Ховд аймгийн Хар-Ус нуур, Ховд гол хүртэл үргэлжлэх Алтайн салбар уулсад багтах  уулархагнутгийгХархирааТүргэний  уулс гэнэ. Хархираа уулын оргил нь Мөст д.тд. 4037м, Түргэн уулын оргил нь Дэглий Цагаан д.тд. 3965м юм. Энэ 2 салбар уулс нь хоорондоо Хархираагийн даваа гэдэг хөтлөөр тусгаарлагдана. Дэглий Цагаан нь монголын хэцүү авиралттай оргилуудын эхний гуравт жагсана. 2 ч удаа хүн осолдож байсан түүхтэй аж. Аялалд оролцох багууд Алдараа ахын ажил дээр цуглахад Боогий бид 2 очлоо.Альпийн нурууг санагдуулам хурц шовх оройтой, зузаан цасаар хучигдсан үзэсгэлэнт уулсыг хараад л зүрх дэлсээд, чөтгөрийн инээд нүүрэнд тодроод ирлээ шүү.Уул уруугаа Олон нуурын хөндий талаас нь очно мөн намаг ихтэй тул уулынхаа бэлд очтол бүх юмаа үүрээд 17км алхана гэж байна. Гэхдээ тэнд нутгийн айлаас тэмээ хөлслөөд хүнд ачаагаа ачна гэхэд нь жоохон тайвширлаа. Энэ жил манай хэд ихэнх нь явна гэчихсэн, олуулаа гоё явна гэж бодож байлаа. Түрүү жил баахан юм бэлдчихсэн болохоор миний хувьд замын зардал, хоол хүнсний зардалаа л олчиход бусдад нь санаа зовох юмгүй байлаа. Бүгд л дор бүрнээ бэлдэцгээж байлаа. Явах хүмүүсийн тоонд хууччуулаас Боогий, Төгсөө, Жангар, миний бие. Шинэковуудаас  Маришка, ангийн охин Анхчимэг, Жангарын дүү Намуунаа түүний найз залуу Эбэ, бас манай ажлын анд Тулгабат нар байлаа. Эндээс Төгсөө ажлын шаардлагаар амжихгүй болов. Тулгаа араас Өсөхөө ах, Алдараа ах 2той онгоцоор ирнэ гэж байлаа. Гэтэл явахаас 13 хоногийн өмнө гэнэт ажил дээр миний бие өвдөж хордлогын шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт очтол мухар олгой үрэвссэнийг сонсоод урам хугарч шалаар нэг юм болов. Атийсан амьтан Боогийд утасдаж хэлтэл нөгөөх чинь утасны цаана надаас ч илүү хямарлаа ккк. Аргагүй ээ. Боогий бид 2 чинь ресорт нээгдэхэд танилцаж түүнээс хойш одоог хүртэл олон ч зүйл дээр сонирхол, үзэл бодол, гар нийлдэг. Хаана ч ямар ч балай экстрим юм хийсэн 2 биенийгээ сумлаж явдаг 2 анд юм байгаан. Аялалын хажуугаар эмээгийнхээ төрсөн Увс нутгийг, Хяргас нуурыг үзэхийг маш их хүсч байсан болохоор их л урамгүй байлаа. Дурангийн хагалгаа нь эдгэрэлт хурдан гэж сонсоод Сонгдо дээр хагалгаанд орж аль болох л хурдан эдгэх гэж үзэж байлаа. Явахаас бараг 7 хоногийн өмнө Маришка хөлийнхөө хурууг хугалж бас жагсаалтаас хасагдав хаха. Багийнхнаас сайн таньдаг 3 хүн нь явахгүй болчихоор Анхаа бас эргэлзэж байгаа болотой. Аялал ч тэр чигээрээ нурахнь ээ. Ингээд би “за авирч чадахгүй ч, яадаг ч байсан явах хэрэгтэй юм байна” гэж шийдэв. Эхнэр, ээж 2 эхэндээ эрс эсэргүүцэж байснаа нэг зүтгэвэл дөргүй бух гэдгийг мэдэх тул сүүлдээ дургүйхэн зөвшөөрч түмэн захиасаар булж өгөв кк. Өмнөх гашуун туршлагаасаа сургамж авсан тул ямар ч байсан фургон хөлслөнө гээд Алдараа ахын санал болгосон Цэрэн гэж ахтай явах болов. Алдараа ахтай ажилладаг жолооч муу байна гэж байхгүй л дээ. Жолоочийн хөлс өдрийн 60,000 + бензин. Алдараа ахын 2 кано завийг Увс хүргээд оронд нь уулын майханаар туслуулах, богино долгионы станцаар хангуулах харилцан ашигтай тохиролцоо хийв.


За ингээд Тэр Өдөр ирлээ дээ... Нэг хороололд байдаг болохоор би Анхаагийн машинд дайгдан хамт “Mongolia Expedition”–ий гадаа ирлээ. Бусад маань ч увж цуван ирэв. Гаргаж өгөхөөр Төгсөө, Маришка 2 бас ирсэн байлаа. Дээрээ 2 кано завь ачсан сүртэй амьтас л гарч өглөө дөө. 
 Нөгөө 2 маань атаархсан харцаар биднийгээ үдлээ. Хичнээн хүссэн ч явж чадалгүй үлдэж байгаа нөхдөө орхиод явах энэ хэсгийг үзэн яддаг. Түрүү жил Төгсөө явж Боогий яг ингээл гаргаж өгөөд үлдэж байсан бол энэ жил байр нь солигджээ. Харин би азтай 2 жил үдүүллээ шүү. Замдаа идэж уусан, марзганасан зугаатай л амьтад явлаа. 


Энэ жил урт хавар болж байнаа. 6 сарын дунд болчоод байхад хаа сайгүй л өвс ногоо муутай гандуу байлаа. Хотоос гарах гэж удаад төлөвлөсөн цагаасаа хоцорсон тул нилээн орой болтол гишгэсээр эхний өдрөө Тамирын голын эрэг дээр очиж хонов. 
  Замдаа хоол цай хийж цаг алдалгүй замын гуанзнуудаар цуйвандсаар явлаа. Миний өмдний резин хагалгааны нэг оёдол дээр яг таарч холгоод түвэгтэй гэж. Тосонцэнгэлд орж ирээд л цагдаад дохиулав. 2 том завинаасаа болж торгуулав кэкэ. Тэнд байдаг манай баз хүргэнийд очиж сайхан дайлуулж, цайлуулж аваад явлаа. Нээрээ бас Хишигээ гээд аялагч бүсгүй Увс уруу хамаатнуудаа хүргэчээд цааш бидэнтэй нийлнэ гэж байсантай энд уулзаад цааш хамт давхив. Үүнээс цааш баруун нутаг эхэллээ. Хамгийн түрүүнд таалагдсан нь үүл нь... Үүл бол зүгээр л урлагийн бүтээл. Яг л шилэн ширээн дээр өрөөд тавьчихсан мэт нэг түвшинд зэрэгцэн үелэх үүлсийн зургийг ханатлаа авлаа. 


 Энэ нутагт зөвхөн фото зургийн аялал хийвэл ч... гэж зураг сонирхдог хүний хувьд бодож л явав. Увсын нутагт ороод машин эвдэрлээ. Хойд дугуйн цап нь явчиж. За ингээд баларлаа даа гэтэл хашир анжгай Цэрэн ах запас цап гаргаж ирж нүд бүлтийлгэв.  Цап запасанд авч явдаг жолооч анх удаа л харсан минь энэ хэхэ. Хол газар явахад жолоочоо их л сайн шинжиж байж сонгох хэрэгтэй юм билээ...
 

No comments:

Post a Comment