Tuesday, February 4, 2014

Түргэний ууланд авирсан тэмдэглэл (2-р хэсэг)


Хяргас нуур
...Ингээд Хяргас нуурын эрэг дээр ирлээ. Яасан том нуур вэ дээ. Зүүнээсээ баруун тийш сунаж тогтсон тул баруун зах нь үл үзэгдэнэ. Миний амьдралдаа үзсэн хамгийн том нуур энэ боллоо. Давстай гэж сонссон болохоор сонирхоод амсаж үзвэл шорвог биш нэг тийм хорсоол шиг амттай юм билээ. Бидний аз дутахад нөгөө Хэцүү хад маань нуурынхаа урд талд байдаг, харин бид нуурын хойгуур явсан тул үзэж чадсангүй. Зураг хөргөө татуулж аваад цааш явав. 
Хяргас нуур
Зүүн гар талаас: Намуунаа, Эбэ, Жангар, Ирмүүн, Анхаа, Боогий, Хишигээ, Би
Тэрүүгээр замын ажил нилээн хийгдэж байнаа. 2015 он гэхэд баруун 3 аймгийг хар замаар холбох юм гэсэн. Тэгвэл ч амар болох байх даа.Зиа ингээд Улаангомд  орж ирлээ. Өндөр уулсаар хүрээлэгдсэн бас л том хот байна. Хот уруу оров уу үгүй юу Эби, Намуунаа 2 халуун ус хайн алга болж өглөө, Цэрэн ах, Боогий 2 машинаа засахаар явлаа харин Жангар, Анхаа, Эрмүүн бид хэд үсээ угаалгаж засуулахаар ойролцоох үсчинд орлоо. Хөдөө ч урт үс лайтай шүү. Шивээс, урт үс нтр харсан үсчин бид хэдийг хотоос ирсэн хамтлаг гэж бодсон бололтой “та кэд тоглолтоор явна уу ?” гэж баахан инээдэм болов. Таарсан зөрсөн хүн бүр дөрвөд аялагаар ярих нь содон сонирхолтой байсан шүү. Тэндээс гараад төвөөр нь жаахан сэлгүүцэн Бал даргын талбайгаар нь ч оров. Хүмүүсийнх нь их цугладаг талбай юмаа. Увсын уулчдын холбооны уулчин Д.Баттулга найз маань биднийг угтан авч хоноглох байр олж өглөө. Ингээд маргааш нь захаас нь идэж уух юмсаа цуглуулж аваад явлаа даа. Эндэхийн зах харьцангуй юм юмтай нь хилтэй ойрхонтой холбоотой гэнэ. Баттулга нэг уулчин найзтайгаа УАЗ469-р урд газарчилж явлаа.Улаангомын урдах том уулын даваа давахын өмнө эмээгийн төрсөн Давст сумыг заалгаж харлаа. Улаангомын баруун хойхно Увс нуурын хажууд жижигхэн суурин цэнхэртэн харагдах нь Давст сум ажээ. Увс нуурын ай сав газар нь Дархан цаазат газар бөгөөд НҮБ-н олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд бүтгэгдсэн экологийн чухал бүс нутаг юм. Араас Эрдэнэтийн уулчид ирж яваа сураг сонсоод овоон дээр хүлээлээ. 
Үүрэг нуур
Нилээн хүлээлгэсний эцэст тэд ирж бас л дуу шуу болон тэврэлдэн уулзалдацгаав. Замд маш олон эртний булш, буган хөшөө таарч байлаа. Энэ олон булш бунханаас олон үнэт олдворууд олдсон байх даа. Үүрэг нуурыг өнгөрөөд уулын бартаа ихтэй зам сэгсчиж өгөв. Газрын өндөр дээшилж байгаа нь мэдэгдэж аажмаар цаг агаар сэрүүсч байлаа. Хэсэг давхиад Хотгорын нүүрсний уурхай орно. Тэнд онгоцоор Баян-Өлгий ороод наашаа машинаар ирж байгаа манай Тулгаа, Өсөхөө ах, Алдараа ах 3тай уулзах ёстой.Нүүрсний уурхай ойртож буйг илтгэн хажуугаарх уулсын энгэрээр нүүрсний хар судал ил харагдах нь сонин. Уурхайтай зэрэгцээд байдаг Елик гэж казакуудын жижигхэн сууринд ирлээ. Нөгөө 3 ирээгүй байлаа. Хажууханд Ямаат уул дүнхийнэ. Энэ уул янгир ямаа, ирвэс зэрэг ховор амьтад ихтэйгээрээ алдартай юм.Удалгүй тэд ч ирж цааш хад асга, бартаа ихтэй замаар явж өглөө...Замдаа нэг малаа тууж яваа гэр бүлийн 2той уулзаж зам ямархуу байгааг асуувал машинаар явах аргагүй, бидний ачааг тэмээгээрээ зөөх малчных ч зусландаа нүүж очоогүй, бүтэхгүй маягийн юм ярьж байнаа. Бид хэд ч бүрсийгээд явчихлаа. Түүний яриаг хэсэг чагнаж байснаа Өсөхөө ах гэнэт “за за, зүгээр. Шууд шаая” гэх бидний экстримчдийн алдарт үгийг хэлчихээд машин уруугаа алхчихав кк. Нээрэнгээсээ  энийг хэлэхээр айдас алга болох шиг болдгийн ккк. Цааш явтал малчны хэлсэн шиг их ус, намаг шавар гайгүй байлаа. Тэмээчин ч зусландаа гарсан байх юм. Нутгийн хүмүүс уул усаа хайрлаж харамласандаа гадны хүмүүсийг ингэж төөрөгдүүдэг гэх маягийн юм сонсож байсан, тэр нь л байж хөөрхий. Олон нуурын хөндий гэж ойрхон олон жижиг нууруудтай, намаг балчиг ихтэй, барагтай машин очихооргүй хөндий юм. Хүний хөлөөс хол тагийн бүс болохоор нүдэнд торох хог, уут харагдахгүй сайхан байгал нь сайхнаараа харагдах нь бидэн шиг байгальдаа хог хаягчдыг үзэн ядаж нервтдэг хүмүүст сайхан байлаа. 
 
Олон нуурын хөндий
 
Цаана нь Цагаан Дэглий оргил маань харагдаж байна
Энэ жил их орой зун болж байгаа аж. Нуурууд нь захаараа мөстсөн, энд тэнд армаг тармаг цастай  их л сэрүүхэн байлаа. Машинаар дөхсөөр боломжтой хамгийн ойр газар нь очиж буудаллахад цааш уулын бэл хүртэл бүх юмаа аваад алхах 15км газар үлдэв. Нилээн сэрүүхэн байсан тул бүгд л дулаалав. Хоол цайгаа хийж идээд баахан зураг хөрөг авсан болоод амрав. Маргааш ч сунайсан өдөр болно доо...
 
Цаана Хархираа уул харагдана
далдаакууд ккк

Өглөө эрт босон юм хумаа бэлдэж эхлэв. 10 цагаас тэмээ ирэхэд ачаалаад хөдлөнө.Хажуу дахь нуураас ус автал тийм ч цэвэр биш байлаа. Нуурууд ихэнх нь намгийн тогтоол ус байдаг бололтой. Хээрийн хүн хээгүй хойно шүүсэн болоод л хоол цай пурхийлгэв. 
 
Алдараа ах
МУГТ Г.Өсөхбаяр
  Аминдаа л яарч сандран бэлдсэн ч уулчдаас бас л хоцорлоо. Хэзээ эдэн шиг хурдан бэлддэг болох юм байгаан бүү мэд кэкэ. 4 цаг алхсаар үндсэн баазаа барих газраа ирэв. 
 
Манай шерпа ккк
 
Анхаа, Тулгаа 2
  Тэмээ удаан хөдөлгөөнтэй юм шиг харагдавч явган хүний хажууд хурдан амьтан юмсанж. Аль хэдийн ирчихсэн ачаа бараагаа буулгасан байв. Уулын 2 хошууны дунд,  голын дэргэдэх бяцхан дэвсэг дээр байрласан байлаа. 
Үндсэн бааз
 Нилээн хойхно том мөсөн гол урсаж орж ирээд тасарсан харагдана. Дээшээгээ авирах зам маань хад асга ихтэй хэцүүхэн л харагдана. Баазаа бариад хоол ундаа хийж идээд унтав. Хүйтнээс болов уу, их алхсанаас болов уу миний оёдол өвдөөд болдоггүй ээ. Өвчин намдаах эм үйлчилдэггүй. Аргаа ядаад Боогийд хэлтэл лаа сайн гээд өгөв. Нээрээ сайн юм билээ. Халуун бууж дорхноо унтав. Одоо үүнээс хойш лаагаар амьдрах нь дээ.
Өглөө нь 6-д босон бэлдэж эхлэв. Дээр очоод дайралтын бааз байгуулан хонох болсон тул 2 удаагийн хоолны материал, майхан гээд нилээн ачаа авч явахаар байлаа. Ачаагаа хуваан үүрлээ. Өвдөж байгаагаа бодохоор явалгүй үлдмээр байв ч энэ хүртэл явж ирчихээд үлдэнэ гэхээр харамсалтай санагдаад, тээд ч дахиж ийм боломж хэзээ ч олдоо билээ гэж бодогдоод ямар ч байсан эцсээ хүртэл явья гэж шийдсэн юм. Үүргэвч маань ч нилээн хүнд болжээ. Бас болоогүй ээ...том камераа урдаа өлгөчихсөн. Би ч өөрийнхөө ачааг л арай гэж үүрлээ.. Бусад эрчүүд маань хүнс майханаа хувааж үүрэв. Бусаддаа гай болоод байгаа ч юм шиг надад их л эвгүй санаа зовмоор байлаа. 
Сноубордчдын ачаа үргэлж хамгийн хүнд нь байдаг :)


Цас, мөснөөс үүссэн нуур

Боогий, Анхаа

Уулчны хамгийн чухал хэрэгсэл бол ГУТАЛ. Гутал холговол авиралт маш хэцүү болно
Дуслын системний гуурсыг усныхаа саванд холбоод бага багаар шимж уух  шалгарсан аргаа хэрэгжүүлэв. Явж явж гэнэт их ус ууж цэрийхгүй, байнга амаа чийглээд явах нь ядраахгүй бас ус бага хэрэглэдэгийг урьдах туршлагаараа манайхан мэдсэн юм. Ингээд дайралт эхэллээ. 

Том ч биш жижиг ч биш сандалны дайны асга ёстой ядаргаатай юм билээ. Хүнд үүргэвчтэй болохоор тэнцвэрээ олж явах гэж хэцүү байлаа. Таягаар халти тулаад ёрдгор хадан дээр нэг сайн унаж авав. Таяг ачааны 30%ийг үүрэлцдэг тустай эд шүү. Увсын 2 уулчин ч бараг л ямаа юмаа. Алга болж өгөв. Эрдэнэтийн уулчид яагаад ч юм бэлдсээр бааз дээр хоцров. Намуунаа ачаандаа нилээн ядарч найз залуу Эбээ нь бордыг нь үүрч эр хүний хүчийг үзүүлж байгаа харагдана.Чадахгүй байх гэж зүрхшээгээд байсан Анхаа харин сайн явж байлаа. Өөрөөсөө өөр найдах юмгүй нөхцөлд хүнээс асар их тэвчээр, зориг, хүч чадал гардаг гэдгийг би экстрим спортуудаар хичээллэх болсноосоо хойш ойлгож мэдсэн юм. Тэр ч хуулиар өөрийгөө чадна гэдэгт  итгэл муутай байсан Анхаа маань хамгийн сайн явж байлаа. Хэсэгхэн эгц нуранги чулуутай довцог нилээн тамир барав. Урагшаа 2 алхам...хойшоо 1 алхам... 30аад метр өргөн 10аад метр зузаан мөсөн гол эгц дээрээс урсаж орж ирээд 20иод метрийн өндөрт тасарсан байлаа. Доороос нь ус урсан бидний доохно том нуур үүсгэнэ. Мөсний доороос байн байн том том чулуу их чимээтэйгээр нурах нь  аюултай бас сүрдмээр. 
Мөсөн гол
Зам улам эгц болсоор удалгүй цастай залгалаа. Зөөлөн зузаан цастай тул олсонд орох шаардлага байсангүй. Хачирхалтай нь тэр цасан дунд алтан тэмээ цох, тэмээлзгэнэ зэрэг шавьжнууд хэд хэд харагдав. Энэ их цасан дунд юу хийж явааг нь чөтгөр л мэдэх байх. 
Эбэ, Намуунаа 2
Тулгабат, Увсын Тулгаа 2 маань түрүүлж очиж ачаагаа тавиад буцаж ирэн бүсгүйчүүдийн ачааг үүрч туслана. Бараг л хамаг тамираа шавхаж дуусахын даваан дээр д.т.д 3360м-н өндөрт хоноглох газраа ирэв. 
Дайралтын бааз
Хамаг бие өвдөж халуурч байлаа. Бушуухан л өнхөрөөд өгмөөр байлаа, гэвч болоогүй ээ. Хэвгий газрын цасыг ухан газраа тэгшилж байж майханаа барина. Бүрий болохоос өмнө төвхнөж авах хэрэгтэй тул бүгд л дор бүрнээ хөдөлж байхад надад ч ёолж хэвтэх хүсэл байсангүй мөсний сүхээ (ice axe) бариад цас ухлаа. 
тогооч Жангар кк
Майхандаа хувцасаа хөнгөлөөд мешокондоо шургахад ямар сайхан байв аа. Майхны үүдээ нээчихээд уулсын цаст оргилуудыг ширтэн хэвтлээ. Монгол залуусын хичнээн нь ийм үзэсгэлэнг үзэж мэдэрсэн бол?...Хичнээн нь эх орон нь ийм бахадмаар сайхныг төсөөлөх ч үгүй хийх юмаа олж ядан яваа бол?...гэхчилэн өвчин намдаах лаа үйлчилтэл хэсэг философдож хэвтэв. 
chilling out...
Майхны үүдэнд манай хэд хоолоо гялалзуулав.Бензин примус хошуу нь бохирдчихоод асдаггүй, ашгүй Анхаа  гаазан примус гаргаж ирж асуудал шийдэгдэв. Ер нь иймэрхүү аялалд их л сайн бэлтгэлтэй (plan B) явахгүй бол хэзээ ч ямар ч төлөвлөөгүй нөхцөл байдал үүсэх магадлалтайн жишээ энэ л дээ. Жангарын бензин примус үнэхээр сайн боловч хөдөө чанар муутай бензин хийснээс болж хошуу нь бохирдсон аж. Анхаа ер нь дуугүй байж байгаад яг хэрэгтэй үед нь хэрэгтэй зүйл өөртөө мангар итгэлгүйгээр гаргаж ирдэгээрээ алдартай л даа хаха. Маргааш дайралтын өдөр, бас өнөөдөр нилээн ядарсан болохоор халти хэд патиардуулцгаагаад эртхэн орондоо орцгоолоо. Шөнө нь бүгдээрээ зүүдлээд, цочиж сэрээд унтсангүй. Тэгсэн өндрийн өвчин юм гэнээ золиг гэж.
д.т.д 3365м

No comments:

Post a Comment